Нөлөөлөх хүчин зүйлсийг тооцоолох хэд хэдэн аргууд гарсан байдаг. Үүний нэг нь PEST шинжилгээ юм. Бизнесийн стратеги төлөвлөлт хийх явцад ашиглахад тохиромжтой энэхүү шинжилгээ нь улс төр, эдийн засаг, нийгэм болон технологийн хүчин зүйлсийг тооцоолоход ашиглагддаг. Зарим үед PESTIE буюу нэмэлт хоёр хүчин зүйл, олон улсын байдал болон экологийн хүчин зүйлс нэмэгдэн орж ирснээр макро орчны өргөжүүлсэн судалгаа болдог.
Энэ шинжилгээ нь зах зээлийн өсөлт, бууралтыг ойлгоход туслах стратегийн чухал хэрэгсэл гэж үздэг. Бизнесийн болон стратегийн төлөвлөлт, маркетингийн төлөвлөгөө, бүтээгдэхүүний хөгжлийн төлөвлөгөө болон судалгааны тайлангуудад өргөн ашиглагддаг. Түүнээс гадна компани шинэ зах зээл, шинэ оронд үйл ажиллагаа эхлэж байгаа үед энэ шинжилгээг ашиглах нь үр дүнтэй.
PEST шинжилгээний үндсэн ойлголтууд
Улс төрийн хүчин зүйлс :
- Улс төрийн тогтвортой байдал
- Үнийн зохицуулалт
- Татварын бодлого
Эдийн засгийн хүчин зүйлс :
- Дотоодын нийт бүтээгдэхүүн
- Инфляци
- Аж ахуйн нэгжүүдийн тоо
- Айл өрхийн дундаж орлого
- Эдийн засгийн өсөлтийн хувь
- Ажилгүйдлийн түвшин
- Зээлийн хүүгийн түвшин
Нийгмийн хүчин зүйлс :
- Хүн амын өсөлт
- Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь
- Эрүүл мэнд, аюулгүй байдлын бодлого
Технологийн хүчин зүйлс :
- Мэдээллийн технологи, интернэтэд гарч буй өөрчлөлтүүд
- Технологийн өөрчлөлтийн түвшин
PEST шинжилгээний давуу талууд :
- Хялбар, бага зардалтай
- Бизнесийн орчны тухай мэдээлэл, ойлголтыг өгөх
- Стратегийн төлөвлөгөө боловсруулалтыг дэмжих
- Шинэ төсөлд гарч болох аюулаас урьдчилан сэргийлэх боломжийг олгох
- Давуу талуудаа харж, хөгжүүлэх боломжийг олгох
PEST шинжилгээний сул талууд :
- Судалгаа гаргаж байгаа хүмүүсийн үзэл бодол нөлөөлсөн байдаг, баталгаа байхгүй
- Их хэмжээний мэдээлэл цуглуулах нь ажиллагаа ихтэйгээс чухал мэдээллээ олж харахгүй байх, орхигдуулах сул талтай
- Энэ шинжилгээ нь зөвхөн гадаад орчныг судлах ба хэрэгтэй дүгнэлтүүдийг гаргахын тулд байгууллагын тухай мэдээлэлтэй хамтруулан анализ хийх шаардлагатай
Хэрхэн сайн PEST шинжилгээ хийх вэ
PEST шинжилгээг хийснээр байгууллагын стратеги төлөвлөлт, шийдвэр гаргалтанд чухал нөлөөтэй хоорондоо логик уялдаа холбоо бүхий 4 үзүүлэлтийг гаргаж авдаг. Иймд сайн шинжилгээг хийхийн тулд зорилтот зах зээлийнхээ тухай ойлголтууд маш тодорхой гаргасан байх ёстой.
Шинжилгээгээ эхлэхийн өмнө яг аль үзүүлэлтүүд манай компанийн хувьд нөлөөлөх хүчин зүйлс болох вэ гэдэг тал дээр ярилцаж шийдэх хэрэгтэй. Эдгээр хүчин зүйлс нь компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох нь чухал. Судалгааг хийх явцдаа компани ямар үзүүлэлтийг ямар учраас сонгож авсан, энэ үзүүлэлтүүд компанийн үйл ажиллагаа, өрсөлдөөний явцад ямар нөлөөллийг үзүүлж байдагийг харуулах нь чухал. Компанийн түүхэн явцад нэг л шинжилгээн дээр ажиллах нь том алдаа байдаг. Судалгааг хийхдээ өмнөх түүх болон ирээдүйн хандлагыг тооцохгүйгээр өнөөгийн байдлыг судлаж хийх ёстой.
Судлагаа хийх материалуудаа сонин сэтгүүл, засгийн газрын агентлагууд, үйлдвэрлэлийн болон санхүүгийн шинжилгээ судалгааны материалуудаас олж авах боломжтой. 2-догч эх үүсвэрээс мэдээллийг авахдаа бодит байдал, найдвартай байдлыг нь анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд гарсан мэдээллийг ашиглахын өмнө бодит байдалтай зохицож байгаа эсэхийг урьдчилан шалгах нь чухал.
PEST судалгаагаар макро орчны нөлөөг судлаж мэдсэнээр байгууллагынхаа үйл ажиллагаа явуулж байгаа орчны тухай өргөн мэдээллийг авахаас гадна давуу талаа ашиглан бизнесээ өргөжүүлэх, орчны аюулаас урьдчилан сэргийлэх боломжийг олгодог стратегийн ач холбогдолтой юм. Стратегийн төлөвлөгөөг сайн гаргаж чадвал байгууллагын ирээдүйн өсөлт хөгжилийн зам нээгдсэнтэй адил байдаг.