2015/05/02

Компани, компанийн засаглал гэж юу вэ


Компаний засаглалын онолын судлахын өмнө компани гэсэн хуулийн этгээдийн талаарх онолын ойлголтыг судлах шаардлага болно. Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээд буюу бизнесийн зохион байгуулалтын хэлбэрийг компани гэдэг. 
              Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат хэмээн ангилдаг бөгөөд хувьцаат компани нь нээлттэй ба хаалттай гэсэн хоёр төрөлтэй байдаг. Компани нь зөвхөн ашгийн төлөө бус нийгэм,  хувь эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, хэрэглэгч нарын өмнө хариуцлага хүлээж ажиллах шаардлагатай хуулийн этгээд билээ. Өнөө үед тухайн компанийн ашигтай ажиллах эсэх нь компанийн засаглалтай шууд холбоотой болж байна.  Иймд зөвхөн компани нь үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүний нэр хүндээр үнэ цэнийг нь хэмждэг үе түүх болон үлдэж, харин ТУЗ, хувьцаа эзэмшигч, нийгэм, хэрэглэгч гээд бүх талын эрх ашгийг тусгасан нэгдмэл үнэ цэнийг бүтээх нь компанийн засаглалын хэрэгцээ шаардлагыг улам бүр нэмэгдүүлсээр байна.
            Өрсөлдөх чадвар ба компанийн засаглал: Сүүлийн жилүүдэд хэт өсөлт, уналтын мөчлөгтэй явж ирсэн манай орны эдийн засагт ирээдүйн тогтвортой өсөлт, хөгжлийн суурийг баттай тавьж, өрсөлдөх чадвараа бэхжүүлэхэд компани бүрийн засаглал сайн байх нь эдийн засаг дахь үнэ цэнэтэй хүчин зүйл болно. (Монгол улсын эрсдлийн тайлан 2012)
              Бүтээмж болон өрсөлдөх чадварт олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд тэдгээрийг ойлгох гэж эдийн засагчид хэдэн зуун жилийн турш тархиа гашилгаж, боловсруулсан олон онол тайлбар дотор Адам Смитийн төрөлжилт ба хөдөлмөрийн хуваарилалтаас эхлэн нео классик эдийн засагчдын онцолдог биет хөрөнгө болон дэд бүтцийн хөрөнгө оруулалт гээд, цаашилбал сүүлийн үед анхаарал татах болсон боловсрол, технологийн дэвшил, макро эдийн засгийн тогтвортой байдал Сайн засаглал, компанийн дотоод  зохион байгуулалт, зах зээлийн үр өгөөж зэрэг арга механизмууд багтдаг. (Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2011-2012, Дэлхийн эдийн засгийн форум, 10 дахь тал)
              Хаа нэгтээ үйл ажиллагаа нь явагдаж байгаа аливаа компанийн хувьд  аж ахуйн нэгжийн хувьд харъяалагдах улс орон, бизнесийн салбар, хөрөнгийн хэмжээ, өмчлөлийн хэлбэрээс үл шалтгаалан компанийн зохистой засаглалтай байх нь тэдний оршин байх, тогтвортой хөгжих үндэс нь болно. Компанийн зохистой засаглалын нийтээр дагаж мөрдвөл зохих нь тогтоогдсон загварчлал байхгүй гэж үздэг ч компани тус бүр нь хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон зохистой хэв маягтай байх учиртай. Энэ нь дээр өгүүлсэн оршин байх, тогтвортой хөгжихийн хөрс юм.
            Компанийн засаглал гэсэн нэр томъёо нь нилээд өргөн цар хүрээтэй нарийн ойлголт бөгөөд үнэндээ ихэнх кодекст тус нэр томъёоны агуулгыг тодорхой тайлбарлахыг ч оролддоггүй. Хамгийн чухал нь компанийн засаглал гэдэг нь ямар нэгэн арга хэрэгсэл бус зарчмын ойлголт байдаг. Үүнд компанийн зохистой удирдлага болон хяналтын тогтолцооны талаар санал бодол солилцох үйл явц хамаарна. Цаашилбал эзэмшигч, ТУЗ, компанийн удирдлага, эцэст нь ажилчид бэлтгэн нийлүүлэгч, үйлчлүүлэгч болон нийт иргэдийн эрх мэдлийг зохицуулах дүрэм үүнд хамаарна. (Н.Р.Нараяна Мерфи 2003),(Компанийн засаглалын хорооны дарга. Энэтхэг Улсын Үнэт Цаас ба Биржийн зөвлөл)
Өрсөлдөх чадварын 12 тулгуур бүлгийн тэргүүн бүлэг “ институцийн тогтолцоо” ордог бөгөөд энэ нь өрсөлдөх чадвар болон өсөлтөнд үлэмж нөлөөтэй бөгөөд хөрөнгө оруулалт хийх шийдвэр, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, нийгмийн хариуцлагатай байдал, хөгжлийн стратеги, бодлого, зардлыг зохимжтой байдлаар хуваарилахад гол үүрэг гүйцэтгэнэ. Үүнд компанийн сайн засаглал нь томоохон байр суурийг эзэлсээр иржээ. Компанийн өрсөлдөх чадвар тогтвортой хөгжил нь түүний засаглалын байдалтай шууд пропорциональ хамааралтай бөгөөд улс орны нийт компаниудын засаглалын байдал ба эдийн засгийн аюулгүй тогтвортой байдал нь тэдний засаглалын байдлаас шууд хамааралтай байна.
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн байгууллага  /ЭЗХАХБ/-ийн зарчмууд нь Компанийн Засаглалыг “компанийн удирдлага, түүний ТУЗ, хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын хоорондын харилцааг“ оруулан тодорхойлдог.
              Энгийн үгээр хэлэхэд компанийн засаглал гэдэг нь баялагийг оновчтой удирдлага, зөв хяналт, хариуцлагатай байдлын цогц нэгдэл бүхий бодлого, үйл ажиллагаагаар бүтээх харилцаа юм.
              Компанийн засаглал гэдгийг хатуу тодорхойлон хэлэх нь зохисгүй бөгөөд улс орон болон байгууллагын онцлогоос шалтгаалаад тодорхойлтууд харилцан адилгүй. Менежемент, ТУЗ, хувьцаа эзэмшигчид бусад сонирхогч талуудын харилцааг хамарч, энд холбогдох асуудлуудыг хэрхэн шийдэж байгаагаар илэрч байдаг.
              Яагаад компанийн засаглал сайн байх нь түүний төдийгүй улс орнуудын эдийн засагт чухал үүрэгтэй вэ?
Хүснэгт 1. Компанийн засаглал муу буюу алдаатай засаглалтай бол ямар сөрөг нөлөөлөл ирэх вэ?
Сайн засаглалын  үр нөлөө
Алдаатай засаглалын сөрөг үр дагавар
Хөрөнгө оруулалтын өгөөж, төслийн ашиг, хөрөнгө оруулалатын үр ашигтай үйл ажиллагаа, Хөрөнгийн зах зээлд орж ирэх урсгалын идэвхжилт, улмаар IPO хийх боломжуудын өсөлт
Илүү өндөр өрсөлдөх чадвар, Сайн засаглалтай компани нь нийгмийн хөдөлгөгч хэсгийн нэг болж, компани дотроо  ажилчдынхаа өмнө, гадагш бол хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдийн өмнө хариуцлага хүлээх бүрэн ухамсарлах чадвартай болно.
Улмаар нийгмийн хамгийн чухал субъект болно. 
Хөрөнгө оруулалтын алдаатай шийдвэр гарна. Хяналтын тогтолцоогүй болж, хариуцлагагүй байдал тогтоно. Хүний нөөцийн бодлого гажуудна.
Өрсөлдөх чадвар доройтно.
Хөрөнгө оруулагч нарын итгэл үнэмшил саарч, хөрөнгө оруулалт буурна.
Засаглалын алдаа нь алдагдыг эрсдэл авч ирж, улс орны эдийн засгийн алдагдлыг өсгөнө.
Ашиг, дэвшил, хариуцлагатай эдийн засаг, өрсөлдөх чадвар, тогтвортой аюулгүй эдийн засаг
Алдагдал, дампуурал, нийгмийн хариуцлагагүй байдал, зогсонги эдийн засаг, хямрал
/Эх сурвалж. ОУСК сайн засаглалын кодекс 2003 он/
Компанийн засаглал гэдэг нь компанийн менежемент, ТУЗ, хувь эзэмшигчид болон болон бусад оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагааны цогц юм. Компанийн засаглал нь зорилго, зорилт түүнд хүрэх арга замыг тодорхойлж, гүйцэтгэлийг хянах бүтцийг бий болгодог. (Principles of Corporate Governance, OECD, Paris 2004, P11)
Монгол улсын компанийн засаглалд хийсэн эрх бүхий этгээдийн үнэлгээ хийж, энэ тухай олон нийтэд тайлагнасан нь Дэлхийн банкнаас “ Монгол Улсын компанийн засаглалын байдал”-д хийсэн  /ROSC/- Research on Standarts and Codes үнэлгээ юм. ROSC үнэлгээг  ЭЗХАХБ –ийн компанийн засаглалын үндсэн зарчмуудад суурьлан хийсэн юм.
Энэхүү үнэлгээ нь ЭЗХАХБ–ийн компанийн засаглалын үндсэн зарчмууд бодит байдалд хэлбэршсэн эсэх, хойшид манай улсад авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон бөгөөд анх удаа олон улсын эрх бүхий байгууллагаас Монгол улсын компанийн засаглалд хийсэн үнэлгээ байлаа. Үүгээрээ онцлог төдийгүй өдөр ирэх тусам дэлхий нийтийн анхааралд улам бүр өртсөөр байгаа манай эдийн засгийн амьдралд чухал үүргийг гүйцэтгэсэн билээ. Үүнээс хойш манай улсад бодлогын чанартай арга хэмжээнүүдийг УИХ болоод төрийн бусад эрх бүхий байгууллагуудаас шат дараатай авч хэрэгжүүлсээр байна.
Засгийн газар нь Компанийн засаглалыг Монгол улсад нэвтрүүлж хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн зохицуулалтын таатай нөхцөл бүрдүүлсэн бөгөөд энэ нь компанийн засаглалыг бэхжүүлэх суурь үндэс нь болж байгаа нь олон улсын байгууллагуудаас талархал хүлээж байна.
Ялангуяа ОУСК /USAID/ энэ тал дээр Монгол улсын Засгийн газартай нягт хамт ажилласны дүнд Компанийн Засаглалыг цаашид хөгжүүлэх бүрэн боломж байна гэж үзэж байгаа билээ.
Гэхдээ хэдий хууль дүрэм журам батлагдсан ч Засгийн газрын зүгээс Компанийн засаглалыг хэрэгжүүлэх хамгийн гол хүчин зүйл нь компаниуд үүнийг хэрэгжүүлэх нь өөрсдийнх нь ирээдүйд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг дээшлүүлнэ гэдгийг ухамсарлах явдал. (Төрийн өмчийн үйлдвэрийн газрын компанийн засаглал ЭЗХАХБ-ын орнуудад хийсэн судалгаа 2005 он) 

М.Алзахгүй (2015 он) ТӨК-ын засаглалыг үнэлэх нь судалгааны ажлын хэсэгээс